Урьдчилгаа дүнгээр тийз баталгаажуулах үйлчилгээний нөхцөл
1. Тийз захиалах ерөнхий нөхцөл
“Тапатрип эжэнси” ХХК нь “Tapa” платформоор дамжуулан хэрэглэгчид аяллын нэгдсэн үйлчилгээг үзүүлдэг ба нислэгийн бүтээгдэхүүнд төлбөрийн хуваан төлөх үйлчилгээг үзүүлэх, үүнтэй холбоотой бусад харилцааг энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулна.
1.1. Зөвхөн Tapa платформоор борлуулагдаж буй нислэгийн бүтээгдэхүүнд үйлчилнэ.
1.2. Орон нутаг болон олон улсын нислэгт энэхүү нөхцөл ижил үйлчилнэ.
1.3. Буцаах боломжтой буюу нисэхээс өмнө буцаах боломжтой нислэгийг урьдчилгаа төлбөрөөр хуваан төлөх боломжтой байна.
1.4. Урьдчилгаа төлбөрийн үндсэн дээр хуваан төлөх нөхцөлтэйгөөр нислэгийн тийз захиалсан Үйлчлүүлэгч нь Агентын зөвшөөрөлгүйгээр авиа компани болон бусад үйлчилгээг ашиглан хатуу нөхцөлтэй тийзээр солин зорчихыг хориглоно. Үүний улмаас үүсэх хохирлыг Агентад Үйлчлүүлэгч үл маргах журмаар төлж барагдуулна.
1.5. Хамгийн багадаа нислэг үйлдэгдэх өдрөөс 9 өдрийн өмнөх нислэгийн тийзийг урьдчилгаа төлбөрийн үндсэн дээр хуваан төлөх нөхцөлтэйгөөр захиалах боломжтой.
1.6. Ахмад настны болон оюутны хөнгөлөлттэй нислэгт нислэгийн тийзийг урьдчилгаа төлбөрийн үндсэн дээр хуваан төлөх нөхцөлтэйгөөр захиалах боломжгүй.
1.7. Хэрэглэгч хуваан төлөх үйлчилгээгээр 1 нислэг авсан үед тухайн нислэгийг бүтэн төлж дууссаны дараа эсвэл буцаалт хийлгэсний дараа дахин хуваан төлөх үйлчилгээгээр тийз баталгаажуулах боломжтой байна.
2. Төлбөрийн нөхцөл
2.1. Хэрэглэгчийн урьдчилгаа төлбөр төлж тийз баталгаажсаны дараах үлдэгдэл төлбөрийг хуваан төлөх давтамжит хугацаа 7 хоног байна.
2.2. Үйлчлүүлэгч нь хуваан төлөх нөхцөлтэйгөөр тийз захиалах, урьдчилгаа төлбөрийн дүн тухайн нислэгийн тийз буцаалтын нөхцөл, хуваан төлөх үйлчилгээний шимтгэлээс бүрдэнэ.
2.3. Үйлчлүүлэгчийн захиалсан нислэгийн урьдчилгаа дүнг төлөх хугацаа захиалга баталгаажих хугацаа байна. Тус хугацаанд багтаж эхний төлбөр буюу урьдчилгаа дүнг төлснөөр хэрэглэгчийн суудал системд баталгаажиж хадгалагдана.
2.4. Үйлчлүүлэгч нь нислэгийн тийзийн урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрийг хуваан шилжүүлэхдээ олгосон гүйлгээний утгыг зөвхөн ашиглах үүрэгтэй ба гүйлгээний утгыг буруу бичих буюу гүйлгээний утгагүйгээр шилжүүлсэн төлбөрийн талаар crm@tapa.mn хаягт мэдэгдэх буюу Tapatrip аппликейшн дахь албан ёсны “чат” -аар баримтжуулан илгээж, асуудлыг шийдвэрлүүлнэ.
2.5. Үйлчлүүлэгч нь гүйлгээний утгыг буруу буюу алдаатай илгээсэн, энэ талаар мэдэгдээгүйн улмаас үүссэн аливаа эрсдэл, хариуцлагыг Агент хариуцахгүй болно.
2.6. Үйлчлүүлэгч өмнө Tapa-р нислэгийн үйлчилгээ авч буцаалт хийлгэх, өдөр солиулах, войд хийх бүхий л тохиолдолд төлбөрийн зөрүү үүссэн бол тухайн зөрүү дүнгээр нислэгийн урьдчилгаа төлбөрт тооцуулан ашиглах боломжтой байна.
2.7. Үйлчлүүлэгч 2.6-д заасан нөхцөлд агентад өөр бүтээгдэхүүн ашиглах зорилгоор өмнө шилжүүлсэн төлбөрийг нислэгийн тийзийн урьдчилгаа төлбөрт шилжүүлэн ашиглах боломжтой байна.
2.8. Үйлчлүүлэгч өөрийн хэтэвч дэх tapapoint урамшууллын оноог хуваан төлөх нөхцөлд тооцуулан ашиглах боломжгүй байна.
2.9. Хуваан төлөх үйлчилгээг ашиглан нислэгийн тийз авч буй хэрэглэгч төлбөрийг Tapa платформ дээрх бусад бүх төрлийн зээлээр төлөх боломжгүй.
2.10. Нислэгийн тийзийн И-Баримт, урамшууллын tapapoint оноо нь бүх нислэг үйлдэгдэж дууссан хугацаанаас хойш 72 цагийн дараа олгогдоно.
3. Нислэгийн тийзийг цуцлах болон өдөр солих нөхцөл
3.1. Хуваан төлөлтөөр баталгаажуулсан тийзийг Үйлчлүүлэгч цуцлах хүсэлт гаргавал авиа компанийн тийз буцаах журмаар төлбөрийн шимтгэлийг тооцож, урьдчилгаа төлсөн төлбөрийг буцаах боломжгүй байна.
3.2. Хоёр талын нислэгийн тийз захиалж, нэг талын тийзийг цуцлах бол авиа компанийн тийз буцаах журмаар төлбөрийн шимтгэлийг тооцож суудлыг цуцална.
3.3. Хоёр ба түүнээс дээш зорчигчид нислэгийн тийз захиалж, зорчигчийн аль нэг нь тийз буцаалт хийх тохиолдолд авиа компанийн тийз буцаах журмаар төлбөрийн шимтгэлийг тооцож суудлыг цуцална.
3.4. Хуваан төлөх үйлчилгээгээр баталгаажуулсан тийзэд өдөр цаг солих бол тухайн нислэгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа өөрчлөлтийг оруулна. Тийзийн өдөр солих шимтгэл тухайн авиа компанийн нөхцөлөөс хамаарч өөр өөр байна.
3.5. Үйлчлүүлэгчийн захиалсан нислэгт нислэг үйлдэгч компанийн зүгээс давагдашгүй хүчин зүйл /цаг агаар, дайн гэх мэт/ - ээс шалтгаалж нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон үед авиа компаний дүрмийг баримтлан өөрчилсөн огноогоор ниснэ.
3.6. Хуваан төлөх үйлчилгээгээр нислэгийн тийз авсан зорчигчийн овог нэр хүйсийн мэдээлэл буруу үед авиа компани зорчигчийг нисгэхгүй тул дүрмийн дагуу тийзийг цуцалж, дахин шинээр тийз бичнэ. Тийз цуцлахтай холбоотой гарах шимтгэлийг Үйлчлүүлэгч өөрөө бүрэн хариуцна.
3.7. Үйлчлүүлэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөлийн 2.1-д заасан хугацаанд багтаан үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тохиолдолд Агент нислэгийн тийзийг цуцлах үндэслэл болох бөгөөд нислэг цуцлагдсанаас үүдэн үйлчлүүлэгч болон гуравдагч этгээдэд учирсан аливаа хохирол (Хохирол гэдэгт дамжин суух нислэг, галт тэрэг, бусад тээврийн хэрэгсэл болон зочид буудал зэргийн төлбөр, тэдгээрийг цуцалсан хойшлуулсанаас үүсэх аливаа торгууль нэмэлт төлбөр гэх мэт зардал төлбөрийг оруулан тооцох бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй нислэг цуцлагдсанаас үүсэх бусад бүх үр дагаврыг хамааруулан үзнэ)-д Агент хариуцлага хүлээхгүй болно.
4. Үйлчилгээний шимтгэл, нэмэлт төлбөр
4.1. Үйлчилгээний шимтгэл нь зорчигч тус бүр 25000 төгрөг байна.
4.2. Хуваан төлөх үйлчилгээгээр нислэгийн тийз худалдан авах үйлчилгээний шимтгэл, хэрэглэгчийн сонгосон хуваан төлөлтийн хэлбэрээс хамаарч 1-4% ба урьдчилгаа төлбөр дээр нэмж тооцогдсон болно.
4.3. Үйлчлүүлэгч дээрх журамд заасан нөхцөлийн дагуу хугацаандаа төлбөрөө төлж барагдуулаагүй буюу төлөхөөс татгалзсан, нислэгийн тийзээ буцаалт хийлгэх тохиолдолд Үйлчлүүлэгчийн төлсөн урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй.
4.4. Үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас агент болон гуравдагч этгээдэд хохирол учирсан тохиолдолд агент нь хохирлыг Үйлчлүүлэгчээс шаардах эрхтэй.
5. Худалдан авалтын төлбөрийн хугацаа хэтрэлт
5.1. Хэрэглэгч та энэхүү үйлчилгээний хэрэглэгч болсноор худалдан авалтын төлбөрөө хуваарийн дагуу бүрэн төлөх үүрэг хүлээнэ.
5.2. Хэрэглэгч урьдчилгаа төлбөрийн дараагийн давтамжит төлбөр төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд худалдан авалтын хугацаа хэтрүүлсний төлбөр нэмэгдэнэ.
Үүнд: Давтамжит төлбөрийн хугацаа хэтрэлт бүрд тогтмол үнийн дүнгээр буюу 10,000 төгрөгөөр төлбөр нэмэгдэнэ.
5.3. Хэрэглэгч худалдан авалтын хамгийн сүүлийн төлөлт хийх хугацаанд багтаж, зохих төлөлтийг бүрэн төлөөгүй тохиолдолд “Тапатрип Эжэнси” ХХК нислэгийн тийзийг цуцлах бүрэн эрхтэй байна.
5.4. Төлөлт бүрийн хугацаа хэтрэлтэд тогтмол үнийн дүнгээр алданги тооцогдоно.